УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНААР ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Улсын Их Хурлын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн чуулганаар 2009 оноос хойш 3 Парламент, 5 Засгийн газар дамжсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.
Хуулийн гол зорилт нь хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, ажилтан, ажил олгогч, нийгмийн түншлэлүүдийн зохистой харилцааг бий болгох, манай улсын хөдөлмөрийн зах зээлийг олон улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагатай уялдуулж тал талын зохистой харилцааг бүрдүүлэхэд оршино.
Хуулийн нэг онцлог нь уг хуулиар хөдөлмөрийн харилцааны доод хэм хэмжээг тогтоож өгсөн бөгөөд доод хэм хэмжээнээс дээгүүр тогтоох ажлыг ажилтан, ажил олгогч харилцан ярилцаж, зөвшилцөх зарчмыг хуулиар тодорхойлж өгчээ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа орж байгаа нэг чухал заалт бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой байна гэсэн зүйл заалт юм. Ингэснээр байгууллага, ажил олгогчид ажилтныхаа ар гэрийг бодохоос эхлээд аав ээжүүд хариуцлагатай байх, ажлын бүтээмж дээшлэх давуу талтай болох юм байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад 0-3 настай ээжүүдийг илүү цагаар ажиллуулах, томилолтоор хөдөө, гадаа явуулахыг хориглосон, дөнгөж мэндэлсэн хүүхдүүдийн аавуудад 10 хоногийн цалинтай чөлөө өгөх зэрэг зүйл заалт оржээ.
Уурхайчдаас ирүүлсэн санал хүсэлтийн дагуу 14 хоног ажиллаж 14 хоног амарна гэдэг заалт орсон. Түүнээс бага хугацаагаар ажиллах бол түүнтэй ижил хоногоор амраана гэж мөн хуульд зохицуулсан. Харин ээлжийн амралтыг хэвээр үлдээсэн байна.
Ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш нийт 24 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд анх удаа шинэчилсэн найруулгаар батлагджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм байна.
Эх сурвалж: https://mlsp.gov.mn/content/detail/1456