МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.07.07) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэн дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлаас 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд нэг удаа уг хуульд өөрчлөлт орсон байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх, хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны санал, зөвлөмжид үндэслэн нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх, нийслэлийн дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 51 зүйлээс бүрдэх бөгөөд хуулийн төсөлд зарчмын шинжтэй харилцааг зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төслийн зорилт нь нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, удирдлагын эрх хэмжээ, нийслэл хотын удирдлагаас төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон бусад этгээдтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлжээ.
Эх сурвалж: http://www.parliament.mn/n/4yzyn