ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Хууль зүйн байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Хуулийн төсөл нь 8 бүлэг 32 зүйлтэй бөгөөд уг төслөөр Мэдээлэл хариуцагч буюу мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа этгээдийн мэдээллийн эзний өмнө хүлээх үүргийг хуульчлан, мэдээлэл хариуцагч болон түүний үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлж авч байгаа боловсруулагчийн хүний хувийн мэдээлэл хамгаалах талаар аюулгүй байдлын арга хэмжээ авах, мэдээллийн эзэнд мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой мэдэгдэл, илэрсэн зөрчлийг мэдэгдэх талаар оруулсан байна.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгон, Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавихаар тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Хувь хүний нууцын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон хуулийн нэршлийг өөрчилж байгаатай уялдуулан холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулсан байна.
Эх сурвалж: http://www.parliament.mn/