СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Соёлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг баталлаа.
Уг хууль нь төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг, эдийн засгийн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.
Тус хуульд тусгасан зарим тодорхойлолтоос дурдвал, “Соёлын үнэт зүйл” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, эсхүл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг, “Соёлын байгууллага” гэж энэ хуульд заасан журмын дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг, “Соёлын ажилтан” гэж соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хамт олон, бүлэг хүнийг, “Соёлын үйлчилгээ” гэж арилжааны үнэ цэнээс үл хамааран, хүний соёлын хэрэгцээг хангах зорилгоор үзүүлж байгаа соёлын илэрхийллийг агуулсан үйлчилгээг тус тус тодорхойлсон байна.
Соёлын бодлого, үйл ажиллагаанд:
1. Үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;
2. Нэгдмэл цогц, харилцан уялдаатай, бүх нийтийн оролцоонд тулгуурласан байх;
3. Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах;
4. Судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, дэвшилтэт техник технологи, инновацад тулгуурласан байх;
5. Ил тод, нээлттэй байх;
6. Тэгш, хүртээмжтэй байх;
7. Соёлын үйл ажиллагааны чиглэл, хэлбэрийг хөндлөнгийн оролцоогүй, чөлөөтэй сонгох зэрэг зарчмыг баримтална хэмээн заажээ.
“Соёлын тухай хууль” нь 8 бүрэн 40 зүйлтэй бөгөөд уг хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/