ХУДАЛДААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО.

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 45 дугаар захирамжаар Худалдааны тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 600 гаруй хууль тогтоомжоос 57 хуулийн 100 гаруй заалтаар худалдааны асуудлыг хэсэгчилсэн байдлаар зохицуулсаар ирсэн. Өнгөц харахад эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн мэт боловч худалдааны салбарт нэгдсэн бодлого стандарт байхгүй, хяналт сул, эрх бүхий байгууллагуудын ажлын давхардал хийдэл, уялдаа холбоо алдагдсан хэвээр байна. Тухайлбал, хуульд заасан чиг үүргийн дагуу Улсын Их Хурал худалдааны тарифын асуудлыг, Шадар сайд чөлөөт бүсийн асуудлыг, Гадаад харилцааны яам Дэлхийн худалдааны байгууллагатай харилцах асуудлыг, Сангийн яам гаалийн бодлогын асуудлыг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дотоод худалдааны асуудлыг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам газрын баялгийн экспортын асуудлыг хариуцан ажилладаг нь олон сөрөг үр дагавар үүсгэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Худалдааны тухай хуулийн төсөлд худалдааны орчин, тээвэр, логистик, үйлдвэрлэл, гааль, татвар, чөлөөт бүс, хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих хөнгөлөлт урамшуулал зэрэг бүхий л салбарын асуудлыг хамарсан цогц зохицуулалтыг тусгах шаардлагатайг ажлын дэд хэсгийн гишүүд хэллээ. Хэдийгээр худалдаа аль болох чөлөөтэй байх зарчмыг баримтлах ёстой ч төрөөс нэгдсэн бодлого, оновчтой хуулийн зохицуулалтыг хийх шаардлагатай гэлээ. Дэлхийн худалдааны байгууллагын зарчим, олон улсын гэрээ хэлэлцээрийг тусгахын зэрэгцээ өөрийн орны онцлогт тохируулах нь хуулийг бодитоор хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг ч сануулсан юм. Түүнчлэн цаг үеийн шаардлага, эдийн засгийн хөгжлийн явцад үүсэж буй шинэ чиг хандлагуудыг харгалзан хуулийн төслийн зорилго, агуулгыг тодорхойлох талаар ажлын дэд хэсгийн гишүүд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, КОВИД-19 цар тахлын нөлөөлөл, цахим худалдаа, цахим шилжилтийн талаар хөндөв.

Эх сурвалж: http://parliament.mn/n/rhzon