ХУУЛИУДЫН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийж, хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал дэлгэрэнгүй танилцууллаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төслүүдийн талаар танилцуулсан. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулав.

Эдгээр төслийг хэлэлцэн, баталснаар төрийн цахим шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, улмаар төрийн хүнд суртал, авлигал арилж, төр цомхон, чадварлаг бүрэлдэхүүнтэйгээр аливаа үйлчилгээгээ шуурхай, хүртээмжтэйгээр иргэдэд хүргэдэг болох нөхцөл бүрдэнэ гэдэг хүлээлт бүгдэд байгаа гэдгийг онцолж, ажлын дэд хэсгийн гишүүдэд зарим саналыг хэлсэн. Мөн төслүүдийг баталсны дараа дагалдах журам, дүрмийн судалгааг гаргаж, тэдгээрийг богино хугацаанд хуулиуддаа нийцүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай тул дэд ажлын хэсэгт дагалдах журам, дүрмийн судалгааг гаргах чиглэл өгсөн. Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдэд төслүүд, тэдгээртэй холбоотой мэдээлэл, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнд захиалж хийлгэсэн судалгаануудыг тухай бүр цахимаар шуурхай хүргэж байгаа талаар ажлын хэсгийн ахлагч мэдээлэл өгсөн юм. 

Эх сурвалж: http://parliament.mn/n/8rzon