ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал дагасан шинэ суурьшлын бүс байгуулах ажил эхэлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус суурьшлын бүс байгуулах ажлын хэсэг, холбогдох яамдын албан тушаалтнууд болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга нартай уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, энэхүү суурьшлын бүсийн төлөвлөлтийг эхнээс нь зөв зохион байгуулалтай хийснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хурдыг хоёр дахин нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын түгжрэлийг бууруулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжтойг онцоллоо. Тиймээс Хөшигийн хөндийн нисэх буудлыг дагасан шинэ суурьшлын бүсэд чөлөөт бүс байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд чөлөөт бүс байгуулснаар Монгол Улсын эдийн засаг сэргэх боломж харагдаж байгаа тул төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, аж ахуйн нэгж, иргэдийн бизнест татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, ипотекийн зээлийн хүүг бууруулах зэрэг цогц арга хэмжээг авах хэрэгтэй хэмээн хэлсэн байна.
Мөн тэрбээр "Стандартыг чанд баримталж байж зөв зохион байгуулалт, уялдаатай, эмх цэгцтэй хөгжлийн баримжааг буй болгох учиртай. Тиймээс Хөшигийн хөндийг дагасан суурьшлын шинэ бүсэд чөлөөт бүс байгуулахад Улсын Их Хурал анхаарна" гээд холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг өгсөн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэл өгөв.
Эх сурвалж: http://www.parliament.mn/n/krzon