НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Нийтийн сонсголын тухай хууль нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улсын Их хурлаар батлагдсан бөгөөд 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхлэнэ.
Хуулийн зорилт нь төрийн байгууллага, албан тушаалтан уг хууль заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахад оршино.
“Нийтийн сонсгол” гэж хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагааг хэлнэ.
Нийтийн сонсголыг дараах асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргахын өмнө зохион байгуулна. Үүнд:
- Эрх бүхий этгээдээс боловсруулах хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт;
- Нийтийн сонсоглын тухай хуульд заасан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал;
- Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд тавих хяналт;
- Татварын хууль тогтоомж болон төсөв батлах, төсвийн орлого ба зарцуулалтад тавих хяналт;
- Улсын Их Хурлаас томилогдох албан тушаалтны асуудал;
Сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулна. Хувь хүн, байгууллага, төрийн нууц, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой сонсголыг хаалттай явуулна. Эдгээрээс бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.
Хууль тогтоомжийн төслийн сонсгол. Хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхолд шууд хамааралтай эдийн засаг, нийгмийн болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль санаачлагч нь хууль тогтоомжийн төслийн сонсголыг явуулна.
Хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулахаар бол тухайн Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн сонсгол хийх хүсэлтээ иргэн, хуулийн этгээд тухай асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороонд хандан гаргана.
Ерөнхий хяналтын сонсгол. Улсын Их Хурал нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухай нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулна. Дараах тохиолдолд Улсын Их Хурал ерөнхий хяналтыг явуулна. Үүнд:
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан;
- Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүн хүсэлт гаргасан;
- Тухайн Байнгын хорооны нийт гишүүний олонх хүсэлт гаргасан;
- Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороо хэлэлцэн хүлээн авсан;
Дараах тохиолдолд нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна. Үүнд:
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчийн дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгч хүсэлт гаргасан;
- Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэн хүлээн авсан;
Тухай хууль, тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болсноос хойш 24-30 сарын дотор эхний хяналтын сонсголыг, дараагийн сонсголыг таван жил тутамд нэгээс доошгүй удаа заавал зохион байгуулна.
Иргэн, хуулийн этгээд нь ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэл гаргаж болох бөгөөд хүсэлтээ Улсын Их Хурал болон, нутгийн өөрөө удирдах байгууллагад гаргана.
Хүний эрхийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах бол Хүний эрхийн Үндэсний Комиссоор дүгнэлт гаргуулж болно.
Төсвийн хяналтын сонсгол. Улсын Их Хурал нь услын төсвийн орлого ба зарцуулалттай холбоотой асуудлаар төсвийн зарлагын хяналтын дэд хороо хүсэлт гаргасан, Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол төсвийн хяналтын сонсголыг явуулна.
Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага нь дараах асуудлаар жил бүр төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулна. Үүнд:
1. Улс, орон унтаг, нийгмийн даатгалын сан
2. Хүний хөгжил сангийн төсөв
3. Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв
4. Засгийн газрын тусгай сангийн төсөв
5. Засгийн газар, орон нутгийн өрийн бичиг, санхүүгийн бусад хэрэгсэл
6. Гадаад болон дотоод зээл, буцалтгүй тусламж
7. Баталгаа гаргах болон төсвийн өр, авлага үүсгэх аливаа бусад шийдвэр гаргах асуудлаар жил бүр төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулна.
Төсвийн сонсгол явуулах бол төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.
Томилгооны сонсгол. Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан бол томилгооны сонсголыг явуулна.
Захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн сонсгол. Захиргааны хэм хэмжээний актыг батлах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахын өмнө зохион байгуулна.
Орон нутгийн сонсгол. Тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүсэлт гаргасан, тухайн асуудал эрхэлсэн Байнгын хороо шийдвэр гаргасан тохиолдолд Улсын Их Хурал, Засгийн газар тодорхой асуудлаар тухайн асуудалтай холбоотой газар нутагт очиж орон нутгийн сонсгол зохион байгуулна.
Сонсгол явуулах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд, шинжээч, ажиглагчийг сонсголд оролцогч гэнэ. Сонсгол явуулахад тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг заавал оролцуулна. Мэргэжлийн холбоо гэдэг нь нийтийн ашиг сонирхолд нийцсэн, мэргэжлээрээ эвлэлдэн нэгдсэн иргэдийн төрийн бус байгууллагыг хэлнэ.
Хууль тогтоомжийн төсөл, ерөнхий хяналт, төсвийн хяналт, томилгооны сонсголын нарийвчилсан журмыг Сонсголын тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн Улсын Их Хурал батална. Захиргааны хэм хэмжээний сонсголын нарийвчилсан журмыг Сонсголын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн Засгийн газар батална.
Сонсгол зохион байгуулагч сонсголын бэлтгэл ажлыг бүрэн хангах, сонсголыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах үүрэгтэй.
Сонсгол зохион байгуулах
Сонсголыг зохион байгуулагч нь сонсголын товыг тогтоох бөгөөд товыг олон нийтийн телевиз, радио болон сонсгол зохион байгуулагчийн цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан 14-өөс доошгүй хоногийн өмнө журамд заасан давтамж, арга хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ. Төрийн албан тушаалтанд зарыг бичгээр буюу бусад нотлох боломжтой арга хэрэгслээр мэдэгдэнэ.
Сонсголд шинжээч, орчуулагч, хэлмэрч оруулах бол сонсголыг даргалагч мэдэгдэх хуудсыг хүргүүлнэ. Сонсгол даргалагч гэж тухайн сонсголын дэгийг сахиулахаар сонгогдсон, эсхүл томилогдсон албан тушаалтныг хэлнэ. Сонсголын оролцогч нь сонсголын үеэр хуралдаан даргалагч, бусад оролцогчоос асуулт асуухгүй. Нээлттэй сонсголд хэвлэл, мэдээллийн төлөөллийг заавал оролцуулна.
Сонсгол хойшлуулах. Сонсголын үеэр мэргэжлийн шинжээч сонсголыг хойшлуулах шалтгаан, хугацаа тодорхой дурдаж, энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгуулан хүсэлт гаргаж болон бөгөөд сонсгол даргалагч үндэслэлтэй гэж үзвэл сонсголыг нэг удаа хойшлуулж болох бөгөөд үндэслэл, шалтгаанаас хамааран хойшлуулах хугацаа нь ажлын 5-аас илүүгүй өдөр байна.
Хариуцлага. Сонсгол зохион байгуулагч нийтийн сонсголын тухай хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг ногдуулах хүсэлтийг үндэслэл бүхий тайлбарын хамт шүүхэд гаргана. Төрийн албан тушаалтан зөрчсөн бол холбогдох хуульд заасны дагуу хариуцлага ногдуулна.