ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 8 бүлэг 56 зүйлтэй бөгөөд хоршооны хөгжлийг дэмжихтэй холбогдсон цогц харилцааг зохицуулахад чиглэсэн, хоршооны бусад хуулийн этгээдээс ялгарах онцлог буюу өмчлөлийн харилцаа, хамтын удирдлага, хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:

- Хоршоо үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тодорхойлсон;

- Хоршооны гишүүний эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тусгасан: хоршооны гишүүний эрх, үүрэг, бүртгэл, элсэлт, оруулсан хувь хөрөнгө, өв залгамжлал, түүний бүрэн эрх дуусгавар болохтой холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан;

- Хоршооны эрх, үүрэг, хүлээх хариуцлагын талаарх зохицуулалтыг хуульд оруулсан: хуулийн этгээд болохын хувьд хоршоо анх удаа гишүүдийнхээ нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлэхтэй холбогдсон үүргийг хуулиар хүлээх болсон

- Хоршооны өөрийн хөрөнгийн зохицуулалтыг тодорхой болгож, хоршоо зээлдэгч байх боломжийг бүрдүүлсэн: Өмнөх хуульд хоршооны бүх хөрөнгө гишүүдийн нэр дээр давхар бүртгэлтэй байхаар заасан нь санхүүгийн байгууллагаас зээл авах боломжийг хязгаарлаж байсныг өөрчилж, хоршооны өөрийн хөрөнгийг хуулиар тодорхойлж, гишүүдийнхээ дундын өмчийн эд хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулдаг онцлогийг нь харгалзсан нягтлан бодох бүртгэлийн журам, зааврыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зохицуулалтыг оруулсан;

- Хоршооны талаарх төрийн байгууллагын эрх хэмжээг тогтоосон;

- Хоршооны эрсдэлийн удирдлагыг шинэ түвшинд гаргасан: хоршоо үйл ажиллагаа явуулахдаа гишүүдийнхээ дундын эд хөрөнгөд хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх явцад үүсэж болох аливаа санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад бодлогоор дэмжих зорилгоор “Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан” болон “Хоршооны хөгжлийн сан”-д тодорхой хөрөнгө төвлөрүүлэх боломжтой болсон

- Хоршооны эд хөрөнгийн хариуцлагын тогтолцоог шинэчилсэн: Хоршоо үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг хоршооны эд хөрөнгөөр хариуцна. Түүнчлэн хоршооны гишүүний бусдын өмнө хүлээх үүргийг хоршоо хариуцахгүй бөгөөд өмнөх хуульд гишүүний нөхөх хариуцлагын хэмжээг хязгаарлах эсэхийг хоршоо өөрийн дүрмээр зохицуулах заалттай байсныг гишүүн гагцхүү хоршоонд оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээхээр өөрчиллөө.

- Хоршооны зуучлалын орлогыг албан татвар ногдох орлогоос хасах асуудлыг холбогдох хуульд нэмсэн;

- Хоршооллын салбарын холбоодын үйл ажиллагааны чиглэл, эрх хэмжээ, чиг үүргийг тодорхой болгож, хууль хоорондын зөрчлийг арилгасан; 

Хоршоо хуулийн этгээдийнхээ хувьд арилжааны банк болон бусад этгээдээс зээл авах эрх зүйн үндэс бүрдсэнээр хоршоо бие даан хөгжих боломжтой болж, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хоршоодын хөгжлийг дэмжин орон нутагт хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болохоор байна.

 

Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар

http://parliament.mn/n/sczon