ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ, САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ ГИШҮҮДИЙГ СОНГОНО

Нийт шүүгчийн анхдугаар чуулган 2021 оны 10 дугаар сарын 11-нд хуралдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно.

Шүүхийн тухай хуулийн 20.1-д зааснаар Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулна.

Нийт шүүгчийн чуулганаар дараах асуудлыг шийдвэрлэнэ:

1.Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгох, огцруулах;

2.Шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналыг Улсын дээд шүүхэд уламжлах;

3.Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонсох;

4.Шүүхийн тухай хуулийн 19.2.5-д заасан хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах;

5.Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг авч хэлэлцэх, зөвлөмж гаргах.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгохоор хуульчилсан. Анхан шатны шүүхээс найм,  давж заалдах шатны шүүхээс ес, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлжээ /нэр дэвшигчдийн мэдээлэлтэй https://judcouncil.mn/site/news_full/11294  холбоосоор танилцах боломжтой/.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шинээр байгуулагдаж буй Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас мөн нууц санал хураалтаар сонгоно. Сахилгын хорооны гишүүнд анхан шатны шүүхээс дөрөв, давж заалдах шатны шүүхээс тав, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч нэрээ дэвшүүлсэн байна. /нэр дэвшигчдийн мэдээлэлтэй http://judcouncil.mn/site/news_full/11295 холбоосоор танилцах боломжтой/.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулж болно.” гэж заасны дагуу бүх шатны шүүхийн шүүгчид “Нийт шүүгчийн анхдугаар чуулган”-нд биечлэн оролцох үүрэгтэй юм. 

Эх сурвалж: http://www.supremecourt.mn/news/664