ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталдаг. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны  09 дүгээр сарын 15-ны өдрийн №А/187 дугаар тушаалын хавсралтаар тус журмыг шинэчлэн баталсан байна.

Уг журмаар газар эзэмших, ашиглах эрх олгох ажиллагаа, эрхийн гэрчилгээний төрөл, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дараалал, хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, суурин болон хээрийн судалгаа хийх, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх ажиллагааг зохицуулдаг.

Мөн дээрх тушаалын хавсралтаар аймаг, нийслэл, дүүргийн Газрын асуудал эрхэлсэн байгууллагын нэр, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт, кадастрын ажил гүйцэтгүүлэх хуудас, хөршүүдтэй хийсэн тэмдэглэлийн загварыг баталсан байна.

Ийнхүү газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг шинэчлэн баталснаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан журам хүчингүй болно.

 

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/16991