ХАМТАРСАН ХУРАЛДААНААР КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Инновац, цахим бодлогын байнгын хороо 2021.11.17-ны өдөр хамтарсан хуралдаан хийж, хуралдаанаараа Засгийн газраас 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар мэдээлэл, мэдээллийн сан, цахим мэдээллийн системтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг 154 хуулиар зохицуулж буй боловч аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нэгдсэн зохицуулалтгүй учир кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэх, аюул заналыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, онц чухал мэдээллийн дэд бүтцийг хамгаалах хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.
Уг хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орон зайн орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн байна.
Эх сурвалж: http://www.parliament.mn/n/8yaon