“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН 2021 ОНЫ 43 ДУГААРЫН ТОЙМ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ. Мөн тус дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсаас Австралийн Холбооны Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудыг эгүүлэн татаж, шинэ Элчин сайдуудыг тохоон томилсон байна. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг тохоон томилсон байна.

Түүнчлэн  Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт Монгол Улсын Ерөнхийлөгч чиглэл болгосон байна. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай, “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам” баталсан Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна.

 

Эх сурвалж: www.parliament.mn