УИХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна.

Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг судлах, шаардлагатай санал боловсруулах үүрэг бүхий “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг”-ийг 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Улсын Их Хурлын даргын 51 тоот захирамжаар байгуулж, улмаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Улсын Их Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 10 дугаар тогтоолыг баталсан байдаг.

Иймд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, үүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:

1.“Нэгтгэн тайлагнах зарчим” гэж Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг Улсын Их Хуралд; Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнахдаа хуульд заасан баримт бичигт заасан зорилго, зорилт, хүрэх үр дүнг уялдуулан төлөвлөж, тухайн жилд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ нь хүрэх үр дүнгийнхээ хэдэн хувьд хүрсэн, аль эх үүсвэрээс ямар хэмжээнд санхүүжсэн талаарх мэдээллийг нэгтгэн, баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу хамтад нь тайлагнахаар зохицуулсан.

2.“Төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчим” гэж богино хугацааны төлөвлөлтийн баримт бичиг болох улсын болон орон нутгийн төсвийг төлөвлөхдөө хуульд заасан шаардлагыг хангаж Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилан боловсруулахаар зохицуулсан.

3.“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичиг байхаар нэмсэн.

4.“Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гэж орон нутгийн онцлогт нийцсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг төсөв санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөсөн баримт бичиг байхаар нэмсэн.

5.Бусад хууль тогтоомжид заасан төрөөс баримтлах бодлого гэснийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төрөлд хамааруулж, үндэсний хөтөлбөр гэснийг Хөгжлийн зорилтот хөтөлбөрт тус тус хамааруулж ойлгохоор нэмж тусгасан.

6.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахдаа тухайн цаг үед тулгамдаж байгаа зайлшгүй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрсдлийн үеийн төсөл, арга хэмжээг Улсын Их Хуралд танилцуулснаар төлөвлөгөөндөө тусгаж болох хууль зүйн үндэслэлийг тусгасан.

7.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан Зөвлөлийн дэргэд салбар бүрийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн өндөр мэргэшилтэй 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зөвлөл ажиллах бөгөөд тус Зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Зөвлөл баталсан.

8.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайдаар тэргүүлүүлсэн Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яамтай байх. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд нь эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал; үндэсний болон бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт; хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; салбар хоорондын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдаа, нийцэл; хөнгөн, жижиг, дунд болон аж үйлдвэрийн хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт; төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал; өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх; чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхлэхээр тусгасан.

9.Урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тавигдах шаардлагыг өөрчлөн найруулсан.

10.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад оруулсан өөрчлөлтийн үзэл баримтлалыг холбогдох хуулиудад тусгах, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн сайдын эрхлэх асуудлыг тодорхойлж, хуулийн холбогдох зохицуулалтыг нийцүүлэн тусгасан.

            Эх сурвалж: www.parliament.mn