ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛАХ РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРИЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 тоот тогтоолын хавсралтаар “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийг баталсан байна. Тус дүрмийн зорилго нь радио, телевизийн хөтөлбөрт хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн агуулгын хэм хэмжээг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг баримтлан холбогдох хуулиар хязгаарласан агуулгын хүрээнд тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих юм.

Радио, телевизээр нэвтрүүлэхгүй байх зохисгүй агуулгад дараах агуулга бүхий дуу авиа, дүрс, үйл явдал бүхий нэвтрүүлэг, бүтээл, зар сурталчилгаа хамаарна. Үүнд:

- Хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулга;

- Хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан агуулга;

Гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан агуулга;

- Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зориулалттай газ, цавуу, будаг шингэлэгч, бензин, ариутгалын бодисыг зориулалтын бусаар бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулсан агуулга;

- Хүүхдийн сэтгэхүй болон бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн нэвтрүүлгийн хугацаанд сурталчлахгүй байх зэрэг хамаарах бөгөөд журамд агуулга тус бүрээр нарийвчлан тодорхойлон зааж өгсөн байна.

Хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулгыг тодорхойлохдоо тухайн үзэгдлийн давтамж, хугацаа, үндсэн агуулга, уран сайхны болон зөгнөлт хэлбэрээр дүрсэлсэн эсэхийг харгалзан үзнэ.

Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн редакцын бодлого, дүрмийг энэхүү дүрэмд заасан зохисгүй агуулгын хэм хэмжээнд үндэслэн шинэчлэн, батлах бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан 18+ насны ангилал бүхий нэвтрүүлэг, бүтээл, зар сурталчилгааг нэвтрүүлэхдээ редакцын бодлого, дүрэмдээ зохисгүй агуулгын хэм хэмжээг хуулийн хүрээнд тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail/16381537306261