МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2016 оны хөтөлбөрүүдэд төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төрийн болон орон нутгийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх, хэрэгжилтийг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилтуудыг тавьсан.  Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Хуульчдын холбоо зэрэг зарим нэг төрийн бус байгууллагын төрийн байгууллагатай хамтран ажиллах хүрээг тодорхойлж, чиг үүргийг нь бие даасан хуулиар зохицуулж байна. Бусад салбарын мэргэжлийн нэгдсэн холбоодын үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулдаг. Тус хуулиар төрийн бус байгууллагаар төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхэд ямар шалгуурыг хангасан байгууллагатай харилцах нь тодорхойгүй. Улмаар төрийн байгууллагын үйл ажиллагааны ачааллыг бууруулах боломж бололцоо сайжрахгүй байх, нэг чиглэлийн хэт олон байгууллага нь тухайн салбарынхныг төөрөгдүүлэх, зарим нэг салбарыг төлөөлөх боломжгүй байгууллагууд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх нэрийн дор хүнд суртлыг бий болгох, салбарын чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл байдал бий болсон байна.

Иймд дээрх шаардлагуудад үндэслэн хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн холбоод байгуулах нөхцөлийг бүрдүүлж, цаашлаад төрийн байгууллага мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Тус хуулийн төсөл нь мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах, харилцахтай холбоотой харилцааг зохицуулах агуулга бүхий 4 бүлэг, 20 зүйлээс бүрдсэн.

Тус хууль батлагдсанаар дараах үр дагавар бий болно гэж үзсэн байна. Үүнд.

1. Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа тогтвортой, мэргэшсэн байх нөхцөл бүрдэх;

2. Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа бэхэжсэнээр төрийн зарим чиг үүргийг Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу байгуулагдах гэрээний эсхүл хуулийн дагуу гүйцэтгэх нөхцөл бүрдэх;

3. Төр, хувийн хэвшлийн түншлэл бүрдэх;

4. Олон жижиг төрийн бус байгууллагууд нэгдэж цар хүрээгээ тэлэх, олон улсад үйл ажиллагаа нь хүлээн зөвшөөрөгдөх үндэслэл бий болох;

5. Төрийн байгууллагыг хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг илүү мэргэшсэн төвшинд гүйцэтгэх боломж бүрдэх;

6. Төрийн байгууллагын шийдвэр гаргалтад иргэний нийгмийн ялангуяа мэргэжлийн байгууллагын үзүүлэх нөлөө нэмэгдэх;

7. Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны сахилга, хариуцлага нэмэгдэх зэрэг болно.

Эх сурвалж:  https://lawforum.parliament.mn/project/78/