ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу Улсын Их Хурал 1995 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан.
Нийгмийн харилцаа тасралтгүй хөгжиж байгаа технологийн хөгжлийг дэмжсэн энэ цаг үед нийгэмд үүсээд байгаа зарим төрлийн асуудлыг Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулахад бэрхшээлтэй нөхцөл байдлууд үүссээр байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд үйлчилгээний газруудад хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хувь хүнийг таньж баталгаажуулах зорилгоор хүний биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ) болон хувь хүний бусад мэдээлэл цуглуулах нь түгээмэл байгаа бөгөөд ингэхдээ хүний хувийн мэдээллийг тухайн хувь хүнд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр цуглуулах, анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах зэрэг асуудал үүсэхэд Хувь хүний нууцын тухай хуулийг хэрэглэхэд зохицуулалтын агуулга нь хэт ерөнхий, тунхаглалын шинжтэй, тодорхой төрлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүргэж байна.
Иймд, Хувь хүний нууцын тухай хуульд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсноос гадна хуулийн нийт зүйл, заалтын талаас илүү хувьд нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтад заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл нэртэйгээр боловсруулсан байна.
Тус хуулийн төсөл нь нийт 8 бүлэг, 32 зүйлтэй бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар дараах нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар бий болно хэмээн үзсэн байна. Үүнд:
1. Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчин бүрдэж, хувь хүн буюу мэдээллийн эзнээс түүний мэдээллийг цуглуулах, боловсруулах талаар зөвшөөрөл авах тогтолцоо бүрдэнэ;
2. Хувь хүн буюу мэдээллийн эзэн, хүний хувийн мэдээлэл хариуцагч болон боловсруулагчийн эрх, үүргийг тогтоосноор хүний хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглахад хязгаар тогтоох, хүний хувийн мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлж, хүний эрхийн баталгаа дээшилнэ;
3. Хүний хувийн мэдээлэл боловсруулах, хамгаалах талаар хориглох зүйлийг тогтоож, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлсэн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлнэ;
Эх сурвалж: http://forum.parliament.mn/projects/11113