НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР БОЛОН НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАРТ ШААРДЛАГА ТАВИЛАА
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт сүүлийн жилүүдэд иргэдээс амьдрах орчин, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар өргөдөл, гомдол олноор ирж байгааг үндэслэн НЗДТГ-аас хяналт, шалгалт хийлээ.
Дээрх гурван байгууллага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг хангалтгүй хэрэгжүүлдэг, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй, эрх мэдлээ хэтрүүлж, хэн нэгэнд давуу эрх олгодог зэрэг нийтлэг зөрчил, дутагдлыг гаргасан байх бөгөөд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хангалтгүй, асуудлыг нягтлан судалж, шалтгаан нөхцөлийг тодруулдаггүй, хуулийн хугацаанд бүрэн барагдуулж, эцэслэн шийдвэрлэдэггүй, төрийн үйлчилгээг үзүүлэхэд хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлдэг зэрэг зөрчил илрэв.
Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар дараах шаардлагуудыг дээрх гурван байгууллагад тавьсан байна. Үүнд:
- Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа бүрэн дүүрэн мөрдөж ажиллах,
- Зарим чиглэлээр эрх зүйн орчныг шинэчлэх, хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээг хэтрүүлэхгүй байх,
- Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй ажилд тавих хяналтыг сайжруулах,
- Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, хүндрэл чирэгдлийг багасгах,
- Үйлчилгээний хүсэлтийн шат дамжлагыг бууруулах,
- Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд дүн шинжилгээг хийж, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэх зэрэг чиглэлээр шаардлага тавин ажиллаж байна.
Эх сурвалж: https://ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=60515