“КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ДАРААХ ДАРХЛААГ БЭХЖҮҮЛЭХЭД ПАРЛАМЕНТУУДЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО” СЭДВИЙН ХҮРЭЭН ДАХЬ АЗИ-НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ЦАХИМ ЧУУЛГА
Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган /АНДОПЧ/-ы 29 дүгээр уулзалт 2021 оны 12-р сарын 14-нд албан ёсоор нээлтээ хийж “Ковид-19 цар тахлын дараах дархлааг бэхжүүлэхэд парламентуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан байна. Чуулга, уулзалтад нийт 23 улсын парламентын төлөөлөл оролцож байгаагаас зургаан улсын парламентын тэргүүн, парламентын дэд дарга хоёр, 113 парламентын гишүүн оролцов.
Монгол Улсын хувьд 1994 онд Филиппин Улсын Манила хотод болсон Ази-Номхон далайн орнуудын парламентын 2 дугаар чуулганд анх УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан оролцож, тус чуулганы гишүүнээр албан ёсоор элссэн. Түүнчлэн энэ нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нар оролцсон бөгөөд тус уулзалтаар улс төр, аюулгүй байдлын асуудлууд, худалдаа, эдийн засгийн асуудлууд, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа гэсэн салбар гурван хуралдааныг зохион байгуулж, тогтоолууд болон хамтарсан мэдэгдэл батлахаар байна.
АНДОПЧ нь улс төр, эдийн засгийн чиглэлээр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн, тулгамдсан асуудлаар бүсийн хэмжээнд бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг тул Ази-Номхон далайн бүсийн орнуудын хууль тогтоох байгууллагаар дамжуулан тус бүс нутгийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх үндсэн зорилго багтаж байгаа юм.
Эх сурвалж: http://parliament.mn/n/zaaon