“ОЮУ ТОЛГОЙ ОРДООС МОНГОЛ УЛСЫН ХҮРТЭХ ҮР АШГИЙГ ХАНГУУЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2021.12.22-ны өдөр “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Өргөн баригдсан Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ.

Үүнд:

- Оюу толгой төслийн  Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;

- 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах;

- Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах;

- Оюу толгой төслийн  гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

- Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

- Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.

Эх сурвалж: http://parliament.mn/n/6aaon