“МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЖЭЭ
Байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу төслийн 4.5, 4.6 дахь хэсгийг гүйцээн боловсруулах, 7.4 дэх хэсэгт найруулгын шинжтэй засвар хийх чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй санал гаргаж санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тодруулга хийж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 48 гишүүний 42 нь дэмжин баталсан юм.
Эх сурвалж: http://parliament.mn/n/fh3yn