“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТЛАВ

Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Шинэ сэргэлтийн бодлогын нэг үндсэн асуудал нь боомтыг хөгжүүлэх юм. Энэ хүрээнд хатуу хучилттай авто замаар холбогдоогүй байгаа боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажил хийгдэх бөгөөд үүнтэй зэрэгцүүлэн хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийх,  боомт даган үүссэн суурьшлын бүсийн статусыг тодорхой болгох, улмаар төрийн анхан шатны үйлчилгээг хүргэхэд анхаарах шаардлагатай байгааг хэлсэн юм. Ийнхүү гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлж, асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн.

Иймд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Үргэлжлүүлэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы 12 дугаар сарын 30 өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 84 хувь нь дэмжсэн.

Эх сурвалж: http://parliament.mn/n/fh3yn