“НАС БАРСАН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВАГЧИЙН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 227,527 нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош тэтгэвэр авч байгаа ба Монгол Улсад үйлчилж байгаа нийгмийн хамгааллын бодлого шинэчлэн өөрчлөгдсөөр байгаа хэдий боловч зорилтод бүлгийн иргэдийн амьдралын наад захын хэрэгцээг хангахгүй, дутагдалтай байсаар байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй, ялгаатай, Засгийн газраас амьжиргааны баталгаажих түвшинг тогтоосон мөнгөн дүнгээс дөнгөж дээгүүр байгаа байдал нь шударга, энэрэнгүй зарчимд суурилдаг манай улсын тэтгэврийн тогтолцоонд нийцэхгүй байгаагаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дийлэнх нь зээл авч, түүнийгээ төлж чадахгүй насан эцэслэж байна гэж хууль санаачлагч танилцуулав.

Мөн Монгол Улсын иргэдийн дундаж наслалт эрэгтэй 66, эмэгтэй 75 байхад иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн нь олон жил хөдөлмөрлөж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр авч чадахгүй эсхүл цөөхөн жил тэтгэвэр авахдаа зээлээс зээлийн хооронд амьдарсаар насан эцэслэж байгаа нь энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай байгаа болно.

Энэхүү хуулийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч иргэд банкнаас тэтгэврийн зээл авсан боловч төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол түүний тэтгэврийн зээлийг чөлөөлж, төрөөс чөлөөлсөн тэтгэврийн зээлийг банканд олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа тул нийгмийн даатгалын газар болон банкуудад нэмэлт ажилтан шаардагдахгүй, нэмэлт үйл ажиллагаа явуулахгүй, нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн нас барсан зээлдэгч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг учир төрийн зүгээс үргүй зардалд тооцогдохгүй.

Хуулийн төсөл 5 заалттай бөгөөд өндөр насны тэтгэвэр авагч тэтгэврийн зээлд хамрагдаад түүнийгээ төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэжээ.

Эх сурвалж: http://parliament.mn/n/1h3yn