ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг[1] 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар батлагдсан. Уг хуулиар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх, албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн оногдуулахгүй байх нэг удаагийн чөлөөлөлтийг зохицуулна.

  1. Хуулийн үйлчлэх хүрээ

2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө:

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль;

2.Татварын ерөнхий хууль;

3.Нийгмийн даатгалын тухай хууль;

4.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль;

5.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;

6.Гаалийн тухай хууль;

7.Захиргааны хариуцлагын тухай хууль.

Энэ хууль дараах тохиолдлуудад хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд үйлчилнэ. Үүнд:

  • Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр,
  • Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр,
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар
  1. Бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах ажиллагаа

Сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан, хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаанд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй.

Чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна:

            1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

            2.хувь хүний орлогын албан татвар;

            3.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

            4.нэмэгдсэн өртгийн албан татвар;

            5.онцгой албан татвар;

            6.гаалийн албан татвар.

Нийгмийн даатгалд ажил олгогчоор шинээр бүртгүүлсэн, эсхүл нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь бууруулснаа сайн дурын үндсэн дээр ил болгож, тайлагнасан нөхцөлд нуусан болон бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги, хариуцлагаас чөлөөлнө.

Нийгмийн даатгалын байгууллагад ажил олгогчийн шинээр гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг нийгмийн даатгалын эхлэлтийн тайлан гэж үзнэ.

Нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгож мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн зохицуулалт мөн адил үйлчилэхээр байна.

  1. Ил болгож мэдээлэх хугацаа.

            Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна гэдгийг анхаарна уу.

  1. Хувь хүн, хуулийн этгээдэд олгож буй баталгаа

Энэ хуульд заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглохоор заасан.

Мөн хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглохоор тус тус зохицуулсан байна.



[1] 2015 оны 8-р сарын 7-ны өдрийн УИХ-ийн чуулганы нэгдсэн  хуралдаанаар  хэлэлцэн баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийг ашиглан  бэлдсэн  бөгөөд “Төрийн мэдээлэл” сэтгүүлд албан ёсоор нийтлэгдсэн.