ГААЛИЙН ТУХАЙ БОЛОН ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ.
Улсын Их Хурлын гишүүн нэр бүхий гишүүд Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Агаарын цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд гадаад улс орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийг хүлээн авч байна. Буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн батлан хамгаалах зориулалтын бараа, материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхтэй холбоотой зөвшөөрлийг авах ажилд олон хоног зарцуулж байгаагаас буцалтгүй тусламжийн бараа, материал (зэвсэг техник, сум, галт хэрэглэл бусад төрлийн ар тал хангалтын материал)-ыг тээвэрлэн ирсэн техник (вагон, онгоц, автомашин) гаалийн хяналтын бүсэд удаан хугацаагаар хүлээлгэнд зогсох, үүнээс шалтгаалж олон тал оролцсон, төлөвлөсөн ажлууд хойшлох, саатах, төлөвлөгдөөгүй зардал гарах, бараа, материалын хадгалалтын горим алдагдах, цаашилбал өөр хоорондоо уялдаа холбоо бүхий төсөл, арга хэмжээний төлөвлөлт цуцлагдах зэрэг хүндрэл үүсдэг байна.
Үүнээс шалтгаалан Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын болон дотоодын сургалт, бэлтгэлийг зохион байгуулахад шаардлагатай зэвсэг, техник, сум, галт хэрэглэл, ар талын материал хэрэгслийн хангалт, зохион байгуулалтын ажил тасалдах, буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн Төрийн болон албаны нууцад хамаарах бараа, материалыг хүлээн авч, гаалийн бүрдүүлэлт хийхэд нууцын хадгалалт хамгаалалтын эрх зүйн эохицуулалтгүйгээс хилээр орж ирсэн бараа, материалын мэдээлэл гаалийн мэдээллийн системд илтээр хадгалагдаж үлдэх зэргээр хууль тогтоомж зөрчигдөх асуудал гарч байна.
Иймд Гаалийн тухай хуулийн зохицуулалтад батлан хамгаалах чиглэлээр буцалтгүй тусламж болон худалдааны гэрээгээр нийлүүлэгдсэн барааг түргэвчилсэн бүрдүүлэлтээр гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг тусгах хэрэгцээ, шаардлага байна хэмээн танилцууллаа.
Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагыг үргэлжлүүлэн танилцууллаа.
Эх сурвалж: http://www.parliament.mn/n/wh3yn