“ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд “Журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хавсралтад заасан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам” гэсэн гурван журмаас эхний ээлжинд “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг батлахыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн болохыг хуралдаан даргалагч танилцуулав.

Ийнхүү “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хийв. Тэрбээр, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Тус Байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан явуулсан болно.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн хүргүүлж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон байна.

 

Эх сурвалж: http://www.parliament.mn/n/uh3yn