ГАЗРЫН ТӨЛБӨРӨӨС ХӨНГӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ ЖУРАМ

Монгол Улсад Газрын төлбөрийн тухай хууль 1997 онд батлагдан гарсан. Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшиж, ашиглаж буй Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон  консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын харъяат болон харъяалалгүй хүн байж байна.

Газрын төлбөр төлөгч нь зохих хууль тогтоомж, гэрээний дагуу зохих ёсоор газрын төлбөрөө төлснөөр хөнгөлөлт эдлэх боломжтой. Хуульд зааснаар “газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн болон байгаль орчинд ивээлтэй технологиор ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ”[1] гэж зохицуулсан. Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно.[2]

Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дараах байдлаар хөнгөлнө:

  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:

-    Нийслэлд 95 хувиар;

-    Аймгийн төвд 97 хувиар;

-    Сумын төв, тосгонд 98 хувиар.

  • Газар тариалангаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:
  • Нийслэлд 30 хувиар;
  • Аймгийн төвд 70 хувиар;
  • Сумын төв, тосгонд 85 хувиар.
  • Газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар.[3]

Мөн дараах чиглэлээр газрын төлбөрийн хөнгөлөлтийг үзүүлнэ:

  1. Худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний 5 жилд 100 хувь, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.
  2. Чөлөөт бүсэд газар ашиглах, эзэмших гэрээ байгуулсан Монгол Улсын болон гадаадын хуулийн хуулийн этгээд, иргэн газрын үр өгөөжийг ашиглах, эзэмших, хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа байдлыг нь харгалзан тэдгээрийг газрын төлбөрөөс тодорхой хугацаагаар хөнгөлж болно. Газрын төлбөрөөс хөнгөлөх хугацаа, хувь хэмжээг тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.[4]

Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэхэд төрөөс газрын төлбөрийн хэмжээг тогтоож, хөнгөлөлт үзүүлэх бөгөөд үйлдвэр барих болон технологийн шинэчлэлт хийх хугацаанд аж ахуй нэгжийг газрын төлбөрөөс чөлөөлөх, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээс хойш тодорхой хугацаанд газрын төлбөрийн хөнгөлөлтийг үзүүлнэ.[5]


[1] Газрын төлбөрийн тухай, 1997 он

[2] Газрын тухай /шинэчилсэн найруулга/, 2002 он

[3] Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай, 2004 он

[4] Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/, 2015 он

[5] Улсын Их Хурлын тогтоол, 2003 он, №54 хавсралт