“ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2022.02.11-ны өдөр “Тамхины хяналтын тухай хууль, эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүд, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны удирдлагууд болон холбогдох байгууллагуудын албан тушаалтан, эцэг эхчүүдийн төлөөлөл цахимаар оролцлоо.

Байнгын хорооны дарга хэлэлцүүлгийг нээж Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын нэгдэн орсон Тамхины хяналтын суурь конвенцод нийцүүлэх, тамхины төрлийн бүтээгдэхүүнд утаат болон утаагүйг нь хамаатуулахын зэрэгцээ, электрон тамхийг хуульчлах, шаардлагатай тохиолдолд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах болон хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад тус хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг онцолж байгаа талаар хэлжээ.

Мөн тэрбээр, “Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид электрон тамхийг хил, гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэргээр нэрлэж мэдүүлдэг тул утаат тамхи шиг хяналт тавих боломжгүй байдаг талаар дурджээ. Иймд электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх нь зүйтэй” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Хэлэлцүүлэг “Тамхины хэрэглээ, хууль эрх зүйн орчин” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хуралд тавьсан илтгэлдээ, сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээ улам залуужиж байгааг дурдаад манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2, эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсныг тодотгосон байна.

Мөн манай улсад 2017-2019 оны хооронд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсчээ. Үүнийгээ дагаад хэрэглээ ч мөн өссөөр байгаа аж. Тиймээс салбарын яамнаас ирэх зургадугаар сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар болсныг мэдэгдлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Эрүүл мэндийн яам холбогдох хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт өргөн мэдүүлэх хугацааг богиносгохыг дурдаад ирэх 2022-06 дугаар сард Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхэд анхаарч бэлтгэл ажлыг хангаж ажиллах шаардлагатай талаар хэлжээ.

Эх сурвалж: http://www.parliament.mn/n/by3on