ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧДИЙН ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

1. Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх иргэн Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

2. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн Ж.Батзанданг тус намын даргаас чөлөөлж, Ц.Гантулгыг тус намын даргаар сонгож, томилсныг улсын бүртгэлд бүртгэв.

3. Иргэн Б.Жагарын гаргасан Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хянаад тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа.

4. Монголын төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг хойшлуулсан байна.

5. Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд, тус намын 2021 оны 12 дугаар сарын 6, 7-ны өдрийн XXX Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгож баталсан, намын мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталж, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцсэн хэмээн үзэж, намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлээ.

6. Ардчилсан намын тэргүүн дэд дарга гэх Д.Ганбатаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын дээд шүүхэд “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” ирүүлсэн хүсэлтийн дагуу Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан байна.

7. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг тус хуулийн 4.1 дэх хэсэгт заасан журмаар өршөөн хэлтрүүлэхгүй байхаар тайлбарлаж, тогтоол баталлаа.

8. Эрүүгийн хууль дахь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах зөвшөөрөл авах тухай Эрүүгийн хэргийн танхимын саналыг хэлэлцэж, Нийт шүүгчийн хуралдааны дэгийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбарын төслийг боловсруулах зөвшөөрөл олгов. Эрүүгийн хэргийн танхим төслийг 30 хоногийн дотор боловсруулсны дараа нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх юм.  

9. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 184/Ш32021/11030 дугаар захирамжаар “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9.2-т “Шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, шийдвэр гаргана.”, 9.5-д “Тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар дугаар зүйлийн 14/-т “Монгол Улсын иргэн...шударга шүүхээр шүүлгэх... эрхтэй” гэж заасантай үзэл баримтлалын хувьд харшилсан гэж үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд ирүүлсэн саналыг үндэслэлгүй гэж үзэж хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

10. Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцээд журмын 3.4.5 дахь хэсэгт нэмэлт, 3.13 дахь хэсэгт өөрчлөлт орууллаа.

 

Эх сурвалж: УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС