ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ АНХЛАН БҮРТГҮҮЛЭХ ЖУРАМ

Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага /Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар/ бичгээр мэдүүлэг гаргана. Мэдүүлгээ өөрөө эсвэл төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болох ба дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:

  • Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл;
  • Тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг;
  • Барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;
  • Өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хэрэв хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;  
  • Улсын тэмдэгтийн хураамж эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт;
  • Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар

Газар өмчлөх эрхийг бүртгүүлэх тохиолдолд дээр дурьдсан баримт бичгээс гадна дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Кадастрын зураг
  • Газрын үнийг төлсөн баримт;
  • Өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллага шийдвэр, түүнээс олгосон гэрчилгээ

Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхдээ нэг мэдүүлэг гарган, өмчлөгч тус бүр гарын үсэг зурна.

Мэдүүлэг гаргагч этгээд нь мэдүүлэгт дурьдсан мэдээлэл болон баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэг хүлээх ба үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө.

Өмчлөгчийн гаргасан мэдүүлэг болон холбогдох баримт бичгийг эрхийн улсын бүртгэлийн байгууллага хүлээн аваад 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Ингэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд тусдаа хувийн хэрэг нээн, баримт бичгийг үндэслэн  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгоно.