МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН БОЛОВ
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр боллоо.
Нийт шүүгчийн хуралдаанаас Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа, шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй эрүүгийн хэрэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо өмнө нь үйлчилж байсан процессын хэм хэмжээ болох “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэхгүй гэж тайлбарлаж, тогтоол батлав. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох” зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “журам тогтоосон” шинжтэй буюу процессын эрх зүйн хэм хэмжээ бөгөөд уг хэм хэмжээг өөрчлөн тогтоосон хууль хүчин төгөлдөр болсон тохиолдолд өмнө үйлчилж байсан хэм хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэхгүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа процессын хэм хэмжээг өмнө үйлчилж байсан хэм хэмжээтэй ямар нэг байдлаар өрсөлдүүлэхгүй, зэрэгцүүлж эсхүл давхцуулж хэрэглэхгүй гэж үзсэн байна.