ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГУРАВДАГЧ ЭТГЭЭД ОРОЛЦОХ НЬ

Маргаан бүхий захиргааны актын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл уг актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Захиргааны маргааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл бий болсон тохиолдолд тухайн этгээдийн хүсэлтээр, эсвэл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай захирамж гарган захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй этгээдээр оролцуулж болно. Уг этгээд нь шаардлагаа өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, шаардлагаасаа татгалзахаас бусад доор дурьдсан эрхийг эдэлж, үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Бие даасан шаардлага гаргаагүй иргэн, хуулийн этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага буюу маргааны зүйлээс өөр шаардлага гаргаж болно. Шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татан оролцуулахаас гадна иргэн, хуулийн этгээд нь маргааны зүйлийн талаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор бие даасан шаардлага гарган шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгч, хариуцагчийн эрх эдэлж, үүргийг хүлээж оролцоно.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх:

  • Шаардлагаа өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, шаардлагаасаа татгалзах;
  • Захиргааны хэргийн шүүхийн болон эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох;
  • Нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;
  • Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргахыг шаардах;
  • Шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих;
  • Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хүлээх үүрэг:

  • Захиргааны хэргийн шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хуралдааны дэгийг сахих;
  • Захиргааны хэргийн шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх;
  • Захиргааны хэргийн шүүхэд хэргийн талаар тайлбар гаргах;
  • Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардан авах;
  • Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх;
  • Нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах;
  • Захиргааны хэргийн шүүхээс шаардсан баримтыг гаргаж өгөх.