“НИЙГМИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХЭД ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮРЭГ, ОРОЛЦОО, ШИЙДЭЛ ГАРЦ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос санаачилсан “Монголоо мандуулъя” аяны уриалгын хүрээнд 2022 оны 3 сарын 28-ны өдөр “Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо, шийдэл гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо.

“Монголоо мандуулъя” зорилтот аян нь 21 аймагт өрхийн үйлдвэрлэлээс эхлээд үндэсний бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй хэн бүхнийг, түүнчлэн соёлын өвийг тээгчид, уламжлалт зан ахуйг түгээн дэлгэрүүлэгчдийг нэгтгэж, дэмжих зорилготой ажээ.

Хуралд Шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгүүд, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Дотоодыг хамгаалахын их сургуулийн эрдэмтдийн зөвлөл, судалгааны байгууллагуудын төлөөлөл зэрэг 90 гаруй эрдэмтэн, судлаачид оролцов.

“XXI зууны Монгол Улсын хөгжилд шинжлэх ухаан, соён гэгээрлийн үүрэг”, “Монголын нийгмийг соён гэгээрүүлэхэд одон орон, сансар судлал, геофизикийн шинжлэх ухааны хувь нэмэр”, “Хиймэл оюун ухаан, математикийг нийгмийн соён гэгээрэлд ашиглах нь”, “Нийгмийг соён гэгээрүүлэхэд гадаад орны туршлага, Монголд нэвтрүүлэх боломж”, “Шинжлэх ухааны парадигмийн өөрчлөлт ба гэгээрэл”, “Ажиглалт-Монгол ардын шинжлэх ухаанч сэтгэлгээ” зэрэг 11 илтгэл хэлэлцүүлэв.

Эх сурвалж: http://parliament.mn/n/ie3on