ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭСЭГЧЛЭН ТАВЬСАН ХОРИГИЙН ТУХАЙ

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-аас наймдугаар сарын 11-ний өдөр баталсан. Уг хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчлэн хориг тавих шаардлагатай гэж үзсэн. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүллээ.  Дараах хуулийн заалтуудад хориг тавьсан. Үүнд:

  4 дүгээр зүйл. Ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх

            4.1.Энэ хуулийн 5.1, 9.1-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ.

/Энэ хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хориг тавьсан/

  7 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох

7.1.Энэ хуулийн 5.1, 9.1.3-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.

/Энэ зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хориг тавьсан/