ОЛОН УЛСЫН ХЯМРАЛТ НӨХЦӨЛ БАЙДЛААС ҮҮСЭЛТЭЙ ГОЛ НЭР ТӨРЛИЙН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ХОМСДОЛ, СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЛЭЭ.
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.04.06) нэгдсэн хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тус хууль батлагдсанаар:
Нэгдүгээрт, Засгийн газраас мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх, мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлтэй санхүүжилтийн эх үүсвэрийг олгох;
Хоёрдугаарт, Монгол банканд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлэх;
Гуравдугаарт, Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэх зэрэг Засгийн газар цаг алдалгүй хямралын мөчлөгийг сөрж, шуурхай ажиллах эрх зүйн боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Ийнхүү олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 57 гишүүний 75,4 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Эх сурвалж: http://www.parliament.mn/n/ye4yn