БОХХААБХ: ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2020.04.06/ хуралдаан эхэлж, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай" 59 дүгээр зарлиг гарган ойн салбарын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахыг Засгийн газарт чиглэл болгосны дагуу Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны байгууллагын ажил үүрэг оновчтой, уялдаатай байх, иргэн, хуулийн этгээдийн ойн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагаас олгох эрх, зөвшөөрлийн тоог бууруулах шинэчлэл хийх зорилгоор боловсруулсан гэлээ. Хуулийн төсөлд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг яамны эрхлэх нийтлэг асуудалд нийцүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, ойн талаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох, ойн үр, үрийн нөөцийн сан бий болгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийг хэрэгжүүлснээр Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдэж, 2030 он гэхэд нийт газар нутгийн 9 хувьд хүргэх ногоон хөгжлийн зорилго хангагдана хэмээн үзэж буй бөгөөд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдсэнээр нүүрсхүчлийн хийн шингээлт нэмэгдэж, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад үзүүлэх эерэг нөлөө үлэмж ихэснэ гэлээ.

Ойн үрийн аж ахуйг судалгаа шинжилгээнд тулгуурлан, бодлого чиглэлтэй хөгжүүлснээр шилмэл сортын ойн үрийн сан бүрдүүлэх, улмаар ойжуулах, ойг нөхөн сэргээх ажилд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо

Эх сурвалж: http://www.parliament.mn/n/9h3on