“ХӨШИГИЙН ХӨНДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы 2022.04.07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна. Уг тогтоолын төсөлд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, уг бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг тусгасан.

Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Чөлөөт бүсийн тухай хуулиар НӨАТ, гаалийн татвар, үл хөдлөх эд хөрөнгийн гэх мэт цөөхөн хэдэн татварын хөнгөлөлтийн зохицуулалт байгаа. Бусад улсуудын туршлагыг харахад Стратегийн тусгай бүсийн тухай хууль гаргаж эдийн засгийн чөлөөт бүс, тусгай бүсийн үйл ажиллагааг зохицуулдаг юм байна. Одоогийн Чөлөөт бүсийн тухай хуулиар бид бүхний тавьж буй урт, дунд хөгжлийн бодлогод тодорхойлсон транзит монгол буюу Монгол Улс тээвэр ложистикийн хааб /Hub/ болох, экспортлогч орон болох зорилтыг хангах бололцоо бага байна гэж үзэж байгаа. Гэхдээ Засгийн газрын түвшинд тодорхой ажлууд хийж байгаа юм байна.

Хөшигийн хөндийн төсөл дээр “Жайка” олон улсын байгууллага судалгаа, техник туслалцааны тал дээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн Дэлхийн банк болон бусад хөгжлийн түншүүдээс энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээ авч, хуулийн шинэчлэл, стратегийн тусгай бүсийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа болно.

Энэхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг эцэслэн баталсан байна.

 

Эх сурвалж: http://parliament.mn/n/br4yn