ТӨРИЙН ӨМЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС ҮЗҮҮЛЭХ ТӨЛБӨРТЭЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ БАТЛАГДЖЭЭ
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/216 дугаартай тушаалаар “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж үйлчилгээний журам”-ыг баталсан байна. Мөн тушаалаар “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт”-ыг баталжээ.
Тус журмаар төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас төлбөртэй тусламж, үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна. Өөрөөр хэлбэл, уг журам нь эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад[1] ороогүй, Төрөөс хариуцах тусламж, үйлчилгээний жагсаалтад[2] ороогүй тусламж, үйлчилгээнд хамаарна.
Мөн журамд эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ[3] хамаарахгүй болно.
Харин төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд тухайн гэрээ байгуулсан тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ дээрх журмыг дагаж мөрдөнө.
Эрүүл мэндийн байгууллага төлбөртэй тусламж, үйлчилгээг үзүүлэхэд байгууллагын үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүй, үйлчлүүлэгчдэд хүндрэл үүсгэхгүйгээр зохицуулах арга хэмжээг авна. Ингэхдээ, төлбөртэй тусламж, үйлчилгээний дараах мэдээллийг мэдээллийн самбар, үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхим болон төлбөр хураах нэг цэгийн дэргэд иргэнд харагдахуйц, ойлгомжтой байдлаар байршуулахын зэрэгцээ өөрийн цахим хуудаст байрлуулна. Үүнд:
- Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ[4];
- Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ[5];
- Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зарим өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх болон даатгуулагчийн төлөх хамтын төлбөрийн хэмжээ зэрэг орно.
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалтад 866 төрлийн тусламж, үйлчилгээг хамааруулжээ. Эдгээр тусламж, үйлчилгээний төлбөрийг улсын төсвөөс болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй байгаа шалтгааныг тайлбарлаж, иргэн зөвшөөрсний үндсэн дээр төлбөрийг авна.
Эрүүл мэндийн байгууллага нь иргэнд төлбөр төлсөн баримт (и-баримт)-ыг заавал олгох бөгөөд уг баримтад тухайн эрүүл мэндийн байгууллагын нэр, үйлчлүүлэгчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, холбогдох төлбөрийн хэмжээ болон нийт төлбөрийн хэмжээ, огноог дараах байдлаар ялгасан байна. Үүнд:
- Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцсан тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, нэр төрөл бүрээр;
- Иргэний хариуцан төлөх тусламж, үйлчилгээний хамтын төлбөрийн хэмжээ;
- Төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний төлбөрийн хэмжээ, нэр төрөл бүрээр зэрэг орно.
Эх сурвалж: www.legalinfo.mn; www.emd.gov.mn
[1] Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйл.
[2] Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэг.
[3] Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг.
[4] Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 49, А/118 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт.
[5] Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт.