ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙГ ЗАЙНААС БУЮУ ЦАХИМААР ОРОЛЦУУЛАХ ЖУРМЫГ БАТАЛЖЭЭ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолоор “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталжээ. Энэ журмаар шүүх хуралдаанд зайнаас буюу цахимаар оролцох ажиллагааны бэлтгэх хангах, зохион байгуулах харилцааг зохицуулна.
“Шүүх хуралдаанд цахимаар оролцох” гэж шүүх хуралдаанд дуу-дүрсний мэдээллийг дамжуулах шилэн кабел болон интернетийн урсгалыг ашиглан тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тусламжтайгаар биечлэн оролцохыг ойлгоно.
Шүүх хуралдаанд оролцогч нь шүүх хуралдааны товыг мэдсэний дараа шүүх хуралдаанд цахимаар оролцох тухайгаа дараах байдлаар мэдэгдэнэ. Үүнд:
- Шүүгчийн туслахад бичгээр эсхүл утсаар;
- Тухайн шүүхийн Тамгын газрын албан ёсны цахим шуудангийн хаягаар.
Шүүгчийн туслах шүүх хуралдааныг цахимаар зохион байгуулах нөхцөл, боломжийг судалж, тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнд өдөрт нь багтаан танилцуулна. Шүүх хуралдаанд оролцогчийг цахимаар оролцуулах эсэх талаарх шүүгч, шүүх бүрэлдэхүүний хариуг шүүгчийн туслах шүүх хуралдаан эхлэхээс 3 хоногийн өмнө мэдэгдэнэ.
Шүүх хуралдаанд цахимаар оролцогчоос энэ журамтай танилцсан, шүүх хуралдааны дэгийг сахиж оролцох тухай баталгаа буюу “Цахим оролцогчийн баталгаа”-г шүүх хуралдаан эхлэхийн өмнө авна.
Цахимаар оролцогч нь шүүхийн байрнаас оролцох тохиолдолд тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулна. Харин бусад тохиолдолд цахимаар оролцогч нь сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, харагдах орчин зэрэг нөхцөлийг өөрийн зардлаар бүрэн хангасан байна.
Түүнчлэн цахимаар оролцогч иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг бэлэн байлгаж, шүүх хуралдааны дэгийг баримталж, өөрөө биечлэн (бусад этгээдийн нөлөө, туслалцаагүй) шүүх хуралдаанд оролцоно.
Хэрэв шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шаардсан тохиолдолд цахимаар оролцогч нь цахимаар шүүх хуралдаанд оролцож буй орчныг бүхэлд камерын тусламжтайгаар харуулах үүрэгтэй болно.
Энэхүү журам нь хаалттай явагдах шүүх хуралдаанд хамаарахгүй.
Эх сурвалж: Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл, 2022 оны №12; www.legalinfo.mn