ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа  танилцуулгадаа, “2016 оноос хэрэгжиж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайланд “...хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдлын илрүүлэлт, авах хариу арга хэмжээ, үйлчилгээ нь хязгаарлагдмал байна. Кейс менежментийн хариу үйлчилгээ практик дээр бараг байхгүй энгийн нөхцөл байдлын үнэлгээ, эсхүл үйлчилгээ үзүүлэх өөр байгууллага руу кейсийг холбон зуучлах эсхүл хаах зэргээр л хариу үйлчилгээ хязгаарлагдаж байна. Энэ нь боловсон хүчний чадавхийн дутагдалтай холбоотой. Төрийн байгууллагад ажилладаг нийгмийн ажилтнууд давхардсан үүрэг хүлээж ажлын ачаалал ихтэй болохыг судалгааны үр дүн харуулж байна. Кейстэй ажиллаж чадахгүй байгаа нь, эсвэл хангалттай цаг байхгүй гэдэг бэрхшээл нь хамтарсан багт ажилладаг нийгмийн ажилтнууд нь мэргэжлийн бус байдаг, мэргэжлийн эрх олгох тогтолцоогүй, эсвэл чадвар сул, нийгмийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах явдал хязгаарлагдмал гэсэн бусад бэрхшээлүүдтэй хавсарч тохиолдож байна.

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санаа, зарчимд нийцүүлэн хуулийн 2  болон 3 дугаар зүйлд зарчим, хамрах хүрээг нэмэгдүүлэх, Хүүхдийн хамгаалагдах эрхийн хүрээнд хуулийн 4 дүгээр зүйлд хүүхэд хамгааллын кейс үйлчилгээний талаарх нэр томъёог олон улсын жишигт нийцүүлэн шинээр нэмж тодорхойлох, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хоёрдугаар бүлэгт Хууль зүйн салбар дахь хүүхэд хамгаалал гэсэн 10 дугаар зүйл нэмж оруулах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд орон нутгийн түвшинд /сум, хороонд/ хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, тэднийг бодлого, зохицуулалт, удирдлага арга зүйгээр хангах чиг үүргийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, түүний харъяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, мөн хуулийн 23 дугаар зүйлд хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн  хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох, аргачлал, журмын талаар нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг болно.

Хүүхэд хамгааллын үйлчилгээ төрөлжиж, нэр төрөл нь олширч, чанар, хүртээмж дээшилнэ. Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна. Энэ хууль хэрэгжсэнээр төсвийн ачаалал бий болох хэдий ч хүүхэд бүрийн эрх баталгаатайгаар хамгаалагдах нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд оруулах үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болно гэж үзэж байна” гэлээ.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн байна. 

Эх сурвалж: parliament.mn