ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИЖ, ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН НЭГТГЭСЭН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлт болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай уялдуулан төлөвлөх, түүнд бэлтгэх, төсөлд тавигдах шаардлагыг тусгайлан хуульчлан тусгахын зэрэгцээ түншлэлийн төслийг олон нийтэд зарлах, мэдээлэх болон төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үе шатуудтай холбоотой процессын зохицуулалтуудыг тусгасан байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хүрээнд түншлэгч талуудын нийтлэг эрх ашгийг тэгш бүрдүүлж, урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах, түншлэлийн төслийн эрсдэлийг хуваах, төрөөс үзүүлэх дэмжлэг тодорхой болсноор гэрээний суурь харилцааны хууль, эрх зүйн орчин тодорхой болгох зохицуулалтыг тусгаж, түншлэлийн ил тод байдлыг хангах, төслийн хэрэгжилтэд хяналтын тогтолцоог бүрдүүлэх, төсвийн санхүүжилтийн болон эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, төслийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалтуудыг нарийвчлан оруулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх гомдол шийдвэрлэх асуудлыг тодорхой зохицуулах, үүссэн маргааныг гэрээнд болон хуульд заасан хэлбэрээр шийдвэрлүүлэх зохицуулалтыг тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.
Хуулийн төслийг хэрэгжүүлснээр томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөөнийг бий болгох, хувийн хэвшлийн ур чадварыг ашиглаж төрийн үйлчилгээг бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлага, хэрэгцээг хангах олон улсын жишигт нийцүүлсэн эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд тусгаснаар төслүүдийг хэрэгжүүлэх оновчтой эх үүсвэрийг хуваарилах, төслийг хэрэгжүүлэх арга зам, төрөл, хэлбэр болон гарч болох эрсдэлийг бодитой тооцож, авах арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлснээр төслүүдийг урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дорвитой нэмэгдүүлж, сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх Монгол Улсын үнэлгээ олон улсад сайжирч, гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орчныг сайжруулах, олон улсын байгууллагуудын хамтын дэмжлэг нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Ийнхүү тус хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон байна.
Эх сурвалж: http://parliament.mn/