ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛ, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 2022 оны 6 сарын 3-ны өдрийн чуулганаар Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Манай орны хувьд цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 2006 онд 72.0 хувь, 2010 онд 77.8 хувь, 2015 онд 76.8 хувь, 2020 онд 76.9 хувь болж нэмэгдсэн. 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөнөөс үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Тэр дундаа говь, хээрийн бүсийн хур тунадас багатай Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хүртэл хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааны дүн гарчээ.
Өнгөрсөн хугацаанд цөлжилт, газрын доройтлыг бууруулах төсөл, арга хэмжээнд зориулж улсын төсвөөс маш бага хэмжээний санхүүжилт гаргаж ирсэн бөгөөд одоо зарцуулж байгаа төсөв нь байгаль хамгаалах арга хэмжээний жилийн төсвийн 5 хүрэхгүй хувийг эзэлж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон дээрх тогтоол, шийдвэрийг үндэслэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинжлэх ухааны судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсгийн хүрээнд боловсруулж байна.
Уг стратеги төлөвлөгөөний хүрээнд доройтсон ойн санг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, голын татмыг ойжуулах, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, авто болон төмөр зам, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, 1.5 тэрбум модыг тарьж ургуулахаар төлөвлөж байна.
Цаашид, бүс нутгийн механизмыг ашиглах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутагт гадаргын усыг ашиглах боломжуудыг судлан, усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг ойрын үед авч хэрэгжүүлэх, бэлчээрийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг бий болгох, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын тоо толгойн харьцааг зохистой болгоход анхаарах, Улаанбаатар болон бусад хот, суурин газруудад олон жил ярьсаар байгаа хог, хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд байгуулах зэрэг саналуудыг гарган, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: http://www.parliament.mn/n/51bon