ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЛЭЭ

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы /2022.06.10/  өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийв. 

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан тул хэлэлцүүлгийг гишүүдийн асуулт, хариултаар үргэлжлүүлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр бүхий гишүүдийн зүгээс төрийн болон орон нутгийн өмчит компаниудын авсан зээл Монгол Улсын нийт өрийн хэдэн хувийг эзэлж байгааг тодруулахын зэрэгцээ төрийн болон орон нутгийн өмчит компаниудын улсад оруулж байгаа орлого, төвлөрүүлж байгаа ногдол ашиг, эзэмшиж байгаа хөрөнгийн хэмжээг тодруулав. Мөн төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудыг хэрхэн цэгцлэх талаар, төр 100 хувь эзэмших стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчийн компаниудыг тодорхойлж чадсан, эсэх адилхан чиг үүрэгтэй төрийн өмчит компаниудыг нэгтгэх эсэх асуудлыг төсөлд хэрхэн тусгасныг лавлаж байлаа.

2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 10.6 их наяд төгрөгийн орлого олж, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 860 тэрбум төгрөг, цэвэр ашгийн хэмжээ 831 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн. Мөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой 105 компаниудын үзүүлэлтийг жил бүр нэгтгэн гаргадгийг онцлоод нийт 18 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байгаа.

Ийнхүү Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.0 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.

Эх сурвалж: http://www.parliament.mn/n/ysnyn