ТӨРӨӨС ОЛГОХ УРАМШУУЛЛААС НИЙГМИЙН ДААТГАЛЫН БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ СУУТГАН ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын гишүүд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлжээ.
Төрөөс олгож буй урамшуулалд хамрагдаж байгаа малчин, мал бүхий иргэд, тариаланчдын дийлэнх нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч байнгын орлогогүй байдлаасаа шалтгаалж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдах, төлөхгүй байх зэрэг асуудал үүсдэг.
Төрийн зүгээс нэгэнт жил бүр төсөвт урамшуулалд олгох хөрөнгийг суулгаад олгож байгаа тул нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тухай бүр нь тогтмол төлж чадахгүй байгаа, зарим боломжгүй тэдгээр иргэдэд нэгэнт олгох урамшууллаас нь суутган тооцоод олгох нь олон талын ач холбогдолтой гэж үзжээ. Нэн ялангуяа малчдын хувьд гар дээрээсээ шимтгэл төлөхгүйгээр ирээдүйн амьдралын баталгаа болох тэтгвэр авах эрх нь үүсдэг. Иймд энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага үүссэн гэж хууль санаачлагчид танилцуулсан байна.
Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл нь төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшуулал авах эрх үүссэн иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг урамшууллаас нь суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд зохих журамд заасан шаардлага хангаж урамшуулал авах болзол хангасан иргэд энэ хуулийн үйлчлэлд хамаархаар байна.
Эх сурвалж: parliament.mn