Аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрх олгох журам

  1. Газар эзэмших эрх олгох эрх бүхий этгээд
  • Аймгийн Засаг дарга нь:  Газрын тухай хуулийн 21.3.2-т “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна[1]
  • Сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах[2]

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтэд дурьдсан газар нь аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газарт хамаарч байвал Аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Харин үүнд хамаарахгүй бол уг асуудлыг Сумын Засаг дарга шийдвэрлэхээр байна.

  1. Газар эзэмшүүлэх журам

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0.07 га-аас илүүгүй, мөн гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-аас илүүгүй, үр тарианы зориулалтаар иргэнд 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл хэмжээтэй газар болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх шийдвэрийг Засаг дарга гаргах бөгөөд дээрх зориулалтаас бусад зориулалтаар болон дээрх хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно[3]” гэж заасан.

Ийнхүү заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага нь томоохон хэмжээний газар аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр газар эзэмших эрх авахад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журам хэрэглэгдэхээр байна.

  1. Дуудлага худалдааны журмаар газар эзэмших эрх авах:

Газрын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолийн 6 дугаар хавсралтаар “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” баталсан.

Тус журамд зааснаар дуудлага худалдааг тухайн шатны Засаг даргын томилсон дуудлага худалдааны комисс явуулах ба дуудлага худалдааны зар мэдээг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.[4] Үүний дагуу дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн, нэгж байгууллага нь дараахь материалыг бүрдүүлж бүртгэлийн хайрцагт хийнэ.

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Өргөдөл /зохих маягтын дагуу үнэн зөв мэдээлсэн байх/;
  • Санхүүгийн байдал, төлбөрийн чадварын тухай банкны тодорхойлолт;
  • Дэнчин тавьсныг батлах нотлох баримт;
  • Дуудлага худалдааны хураамж болох 10.000 төгрөг тушаасан баримт.

Дуудлага худалдааны анхны үнийг эрх бүхий байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтоох бөгөөд дэнчингийн хэмжээ нь дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10%-тай тэнцүү байна[5].

Аж ахуйн нэгж, байгууллага нь дуудлага худалдаанд оролцохдоо дараахь эрх, үүрэгтэй. Дуудлага худалдаанд оролцогчийн эрх:

                1/ дуудлага худалдаанд оруулах газрын болон газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд заасан газрын талаархи мэдээлэлтэй үнэ төлбөргүй танилцах;

                2/ дуудлага худалдаанд нэгээс илүүгүй зөвлөхтэй  хамт орох;

3/ дуудлага худалдаанд ялаагүй бол дэнчингээ буцааж авах;

4/ дуудлага худалдаатай холбогдох гомдлоо шүүхэд гаргах[6].

Дуудлага худалдаанд оролцогчийн үүрэг:

1/ дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчингээ төлсөн байх;

2/ өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын тухай үнэн зөв мэдээлэх;

3/ дуудлага худалдааны дэг журмыг сахих;

4/ дуудлага худалдаанд ялбал худалдан авсан газар болон газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний үнийг хуанлийн 14 хоногийн дотор төлөх[7].

Аж ахуйн нэгж, байгууллага нь бүртгэлийн хайрцагт хийсэн материалаас ташаа бичсэн мэдээлэл илэрвэл тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг дуудлага худалдаанд оролцуулахгүй. Мөн түүнчлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагаас өөр байгууллага хүсэлт өгөөгүй буюу 1 хүсэлт ирсэн тохиолдолд дуудлага худалдааг явуулахгүй.

Дуудлага худалдааг тухайн шатны Засаг даргаас томилсон комисс нээлттэй, ил тод явуулна.

Ийнхүү дуудлага худалдаагаар ялсан тохиолдолд дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрээ байгуулна. Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:

1/ худалдан авсан газрын болон газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд заасан газрын байршил;

2/ талбайн хэмжээ;

3/ дуудлагын худалдаанд оролцохдоо тавьсан дэнчингийн хэмжээ;

4/ худалдан авсан үнэ;

5/ үнэ төлөх хэлбэр.

 Дуудлага худалдааны ялагч нь хуанлийн 14 хоногийн дотор төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд тухайн этгээдэд газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамжийн төслийг бэлтгэнэ. Ийнхүү тухайн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж гарна.

Газар зохион байгуулагчаас Засаг даргын захирамж гарсан талаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэж, гэрчилгээний үнийг төлөх тухай мэдэгдэнэ. Аж ахуйн нэгж, байгууллагаас гэрчилгээний үнийг банкинд төлж баримтыг газар зохион байгуулагчид өгнө.

Газар зохион байгуулагч Засаг даргын захирамжийг үндэслэн гэрээ /3хувь/ болон газар эзэмших эрхийн гэрчилгээг бичнэ. Ийнхүү аймагт аймгийн газрын албаны дарга, суманд сумын газрын даамал гэрээ, гэрчилгээнд гарын үсэг зурж, баталгаажуулж, бүртгэлийн мэргэжилтэн дуудлага худалдаагаар авсан газрыг мэдээллийн санд оруулж, зургийг гэрээнд хавсаргана. Газар зохион байгуулагч гэрээний 1 хувь болон газар эзэмших эрхийн гэрчилгээг ялагчид олгож, нэгж талбайн эргэлтийн цэгүүдийг газарт тэмдэгжүүлж, актаар хүлээлгэж өгнө. Ийнхүү тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь газрыг эзэмших эрхтэй болно.

  1. Төсөл сонгон шалгаруулалтын журмаар аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрх олгох:

Газрын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах” журмыг баталсан.

Улс, бүс нутгийн хэмжээний ач холбогдолтой, түүнчлэн хот, суурин газрын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан томоохон барилга байгууламж барихад зориулан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулна.

Төсөл шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай зар мэдээг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ[8].

            Төсөл сонгон шалгаруулалтад оролцох этгээд нь дараахь шаардлагыг хангасан байна.

1/ төсөл нь газрыг эзэмшүүлэхэд тавих шаардлага, ажил, үйлчилгээний чиглэлд нийцсэн байх;

2/  хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх;

3/ төслийг зарласан нөхцөл, мэргэжлийн түвшинд хийсэн байх;

4/ техникийн нөхцөлүүд болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байх;

5/ төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх[9].

Оролцогчид нь төслөө битүүмжилж аймгийн газрын алба, сумын газрын даамалд өөрөө өгөх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх, хэрэв ийнхүү хүргэх боломжгүй бол зар мэдээнд заасан хугацаанд шуудангаар ирүүлж болно.

Оролцогч нь хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвар болон төсөл шалгаруулалтад ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.

Төслийг дор дурдсан журмаар аймгийн газрын алба, сумын газрын даамал хүлээн авна.

1/ зар мэдээнд заасан хугацаанд ирсэн бүх төслийг ирүүлсэн дарааллаар нт он, сар, өдөр, цаг, минутыг нь тэмдэглэн бичг хэргийн заавар ёсоор бүртгэж, тусгай тэмдэглэл хийж хадгална;

2/ төсөл ирүүлэх эцсийн хугацаа дууссан өдөр хүлээж авсан төслүүдийн тухай тусгай тэмдэглэл үйлдэн, төсөл тус бүрт албан тэмдэг дарна.

Төсөлтэй холбогдох нууцыг хадгалах үүргийг тухай газрын алба, газрын даамал хариуцна.

Төсөл шалгаруулах комиссыг тухайн өдөр тус шатны Засаг дарга томилох бөгөөд төсөл шалгаруулалтаар газар эзэмшүүлэх ажиллагааг хаалттай хүрээнд явуулна.

Комисс төслийг дор дурдсан шалгуур үзүүлэлтүүдээс шалгаруулна:

1/ уралдаанд оролцогчид зар мэдээнд тусгасан зүйлийг хангасан эсэх;

2/ тухайн газарт явуулах үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх;

3/ төсөл нь хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийцсэн байх;

4/ төсөл хэрэгжсэнээр шинээр бий болох ажлын байрны багтаамж;

5/ тухайн хот, суурины нийгэм, эдийн засгийн хөгжилд илүү ач холбогдолтой байх;

6/ улс орон нутгийн төсөвт оруулах орлогын хэмжээ;

7/ төслийн болзлыг ойролцоо буюу адил хангасан нөхцөлд тухайн газарт явуулах үйл ажиллагаа түүний байгаль орчинд нөлөөлөх байдлыг харгалзах

Комисс нь ийнхүү шалгаруулж дүгнэлт гаргах ба дүгнэлтийг заавал бичгээр үйлдэнэ. Ийнхүү гаргасан дүгнэлтийг тухайн шатны Засаг даргад танилцуулна.

Засаг дарга дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл батлах, үндэслэлгүй болон хууль зөрчсөн гэж үзвэл дахин төсөл сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гаргана.

Засаг даргаас дүгнэлтийг баталж тухайн аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгох тухай захирамж гарна. Газар зохион байгуулагчаас Засаг даргын захирамж гарсан талаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэж, гэрчилгээний үнийг төлөх тухай мэдэгдэнэ. Аж ахуйн нэгж, байгууллагаас гэрчилгээний үнийг банкинд төлж баримтыг газар зохион байгуулагчид өгнө.

Газар зохион байгуулагч Засаг даргын захирамжийг үндэслэн гэрээ /3хувь/ болон газар эзэмших эрхийн гэрчилгээг бичнэ. Ийнхүү аймагт аймгийн газрын албаны дарга, суманд сумын газрын даамал гэрээ, гэрчилгээнд гарын үсэг зурж, баталгаажуулж, бүртгэлийн мэргэжилтэн дуудлага худалдаагаар авсан газрыг мэдээллийн санд оруулж, зургийг гэрээнд хавсаргана. Газар зохион байгуулагч гэрээний 1 хувь болон газар эзэмших эрхийн гэрчилгээг ялагчид олгож, нэгж талбайн эргэлтийн цэгүүдийг газарт тэмдэгжүүлж, актаар хүлээлгэж өгнө. Ийнхүү тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь газрыг эзэмших эрхтэй болно.

Аж ахуйн нэгж, байгууллага нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж газар эзэмших эрх хүсэлт гаргаж болно. Хүсэлтийг тухайн шатны газрын алба, газрын даамал судлаад газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж газар эзэмших боломжтой гэж үзвэл дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар тухайн хүсэлтэд дурьдсан газарт газар эзэмших зөвшөөрөл олгож болно.



[1] Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3

[2] Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3

[3] Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2

[4] “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” ЗГ-ын 2003 оны 28-р тогтоолын 6 дугаар хавсралтын 7

[5] “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” ЗГ-ын 2003 оны 28-р тогтоолын 6 дугаар хавсралтын  11-р зүйл

[6] “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” ЗГ-ын 2003 оны 28-р тогтоолын 6 дугаар хавсралтын  21-р зүйл

[7] “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” ЗГ-ын 2003 оны 28-р тогтоолын 6 дугаар хавсралтын  22-р зүйл

[8] “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам” ЗГ-ын 2003 оны 28-р тогтоолын 7-р хавсралт 3-р зүйл

[9] “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам” ЗГ-ын 2003 оны 28-р тогтоолын 7-р хавсралт 6-р зүйл