ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ЭРХИЙН ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд уг зүйлийн 12 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” хэмээн Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг баталгаажуулсан.
Төрийн албан тушаалтан гэж төр, засгийн бүх төрөл, шатны байгууллагад сонгууль буюу томилолтоор, байнга буюу түр, улс төрийн, тусгай болон төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа хүмүүсийг хамааруулна.
Өргөдөл, гомдол гаргах хэлбэрийн хувьд аль болох өргөн хүрээнд зохицуулах нь Үндсэн хуулиар баталгаажуулсан энэхүү эрхийг хангах ач холбогдолтой бөгөөд 1995 оны ИТБАТГӨГШтХ-д бичгээр, амаар, цахим сүлжээгээр гаргах боломжтой байхаар зохицуулжээ.
Мөн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заахдаа процедурыг буюу хянан шийдвэрлэх ажиллагааг Үндсэн хуульд заагаагүй бөгөөд ердийн хуулиар зохицуулж байна. Өнөөг хүртэл энэ харилцааг зохицуулж ирсэн суурь хууль нь 1995 оны Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль (ИТБАТГӨГШтХ) юм. Үүнээс гадна төрийн эрх мэдлийн салаа мөчир, төрийн үйлчилгээ, тодорхой салбар, төрийн байгууллага, албан тушаалтны чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг тусгасан салбарын тухайлсан хуулиудаар мөн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх асуудлыг зохицуулж иржээ.
Эх сурвалж: https://forum.mn/index.php?sel=project&menu_id=595&f=one&obj_id=6125