ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Улсын Их Хурлаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Үйлдвэр, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэллээ.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсанаар 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Үйлдвэр, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болсон байна.

2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Үйлдвэр, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулиар /шинэчилсэн найруулга/ үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн зорилго, зарчим, хэлбэрийг тогтоох, паркийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, төрөөс үзүүлэх дэмжлэгтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хуульд тусгажээ.

Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Үйлдвэр, технологийн паркийн эрх зүйн байдлын хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зохицуулалтаас дурдвал:

- хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус хуульд зөвшөөрсөн хуулийн этгээдийн хэлбэрээс бусад хуулийн этгээдийн хэлбэрээр өмнө нь паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцох бөгөөд хуулийн этгээдийн хэлбэрийг энэ хуульд нийцүүлж өөрчлөн зохион байгуулж шинээр тусгай зөвшөөрөл авна;

- хууль батлагдахаас өмнө паркийн үйл ажиллагаатай холбоотойгоор төлсөн татвар, хураамж нь уг хуульд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй;

- хүчингүй болсон Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу олгосон паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд уг хугацааг сунгахгүй;

- хуульд заасан Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг эшилсэн холбогдох заалтуудыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хүртэлх хугацаанд үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

Эх сурвалж: legalinfo.mn