ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНААР МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЛЭЭ
2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Тодруулбал, иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх нараас Үндсэн хуулийн цэцэд “...Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх асуудлыг Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, төрийн эрх мэдлийн хуваарилалтын хяналт-тэнцлийн зарчмыг алдагдуулахгүй байх зорилгын үүднээс Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгох, сонгогдох эрхийн баталгааг бүрэн хангасан сонгуулийн тогтолцоог хуульчлан тогтоох асуудалтай нягт холбоотой, иж бүрнээр нь шийдвэрлэх ёстойг Цэцээс магадлан тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй”, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалттай зөрчилдөж байгаа талаар мэдээлэл гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “...2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангахын тулд Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах тоог хязгаарлах, хориглох зарчмаар бус Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалд нийцүүлэн, иргэдийн эрхийг хангасан, засаглалын салаа мөчир бүрийн үр ашигтай байдлыг хангахуйц, олон улсын парламентын ардчиллын хөгжлийн чиг хандлага, манай улстай төстэй төрийн эрх мэдлийн "зөөлөн" хуваарилалт бүхий улсуудын сайн жишигт нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүдийн тоог 150-аас дээш байхаар тогтоож, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, үндсэн бүтцийг хадгалсан байдлаар шийдэх нь зохистой байсан” гэж дүгнэн Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэснийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530977997941