АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ” ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нарын 13 эмэгтэй гишүүн “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Бусад улс орны Засгийн газраас эмэгтэйчүүдийн бизнесийн салбар дахь оролцоо болон эмэгтэй эзэнтэй бизнесийг дэмжих тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогын зорилготой уялдан эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж (англи.women-owned business), эмэгтэй эзэнтэй жижиг бизнес (англи.women-owned small business) зэрэг эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой нэр томьёо, олон улсын бизнесийн практик, эрх зүйн орчны хүрээнд бий болж байна. Гэтэл Монгол Улсад бизнес эрхлэгч эмэгтэйтэй холбоотой ангилал, тодорхойлолт болон тэднийг төр болон хувийн хэвшлийн зүгээс дэмжих чиглэлийг тодорхойлсон, бодлогын түвшинд шийдвэр гаргахад оролцоог хангах талаарх нарийвчилсан эрх зүйн зохицуулалт батлагдаагүй өдий хүрчээ.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнгээр 0-300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж, ахуй нэгжийн 58 хувь нь эрэгтэй захиралтай байгаа бол орлого нэмэгдэх тусам эрэгтэй захирлын эзлэх хувь 72 хувь болж өссөн байх бөгөөд 200-аас дээш ажилтантай аж ахуйн нэгжийн 71 хувь нь эрэгтэй захиралтай байна. Үүнээс бичил, жижиг түвшний аж ахуйн нэгж дэх эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдтэй ойролцоо боловч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого, ажилтны тоо нэмэгдэх тусам эмэгтэйчүүдийн оролцоо буурч байгаа нь  харагдаж байна..

Бизнесийн салбар дахь жендерийн ялгааг илүү нарийвчлан үнэлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн, оновчтой бодлого хэрэгжүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг тодорхойлох зарим эрх зүй, бодлогын таатай орчныг бий болгох шаардлага үүссэн. Эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар нэгдсэн ойлголттой болох, мөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулахад шаардлагатай суурь мэдээллийг бий болгох, оновчтой, цогц орчныг бүрдүүлэх эрх зүйн томоохон шинэтгэлийн суурь болох “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулан танилцуулжээ.

Эх сурвалж: http://www.parliament.mn/n/f6non