“GOOGLE STREET VIEW” ДЭХ УЛААНБААТАР ХОТЫН ЗУРАГЛАЛЫГ ШИНЭЧИЛНЭ

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна. Ийн шинэчлэн оруулснаар Улаанбаатар хотын тухай үнэн зөв, бодитой, сүүлийн үеийн мэдээ мэдээллийг ойлгомжтой байдлаар интернэт хэрэглэгчдэд хүргэх юм.

Улаанбаатар хотыг дэлхийд таниулан, сурталчлах “Google” төсөл нь анх 2014 оноос хэрэгжиж эхлэн, өнөөдөр ийнхүү төслийн хоёрдугаар шатны төслийг нээн эхлүүлсэн байна. “Google” төслийн хүрээнд 2014 оноос эхлэн Улаанбаатар хотын бүх гудамж, талбайн зургийг 360 градусын өнцгөөр авч, “Google street view”, “Google map”-д оруулсан. Гэвч түүнээс хойших 7-8 жилд Улаанбаатар хотын дүр зураг ихэд өөрчлөгдөж, мэдээллийн сан дахь зураглал хуучирсан тул шинэчлэх шаардлагатай болсон.

Нийслэлийн бүх гудамж, замын зургийг шинэчлэн оруулснаар иргэд шинээр бий болсон авто замын сүлжээг интернэтээр харах боломжтой болно. Ингэснээр түгжрэл ихтэй үед явах дөт, ачаалал багатай замыг харж, хайх боломж бүрдэх юм. Мөн нийслэлийн зураглалыг шинэчлэхдээ гудамж, талбай, байгууламжаас гадна барилга доторх зургийг оруулна. Ялангуяа төрийн үйл ажиллагаа иргэдэд ойр, ойлгомжтой, нээлттэй байх үүднээс төрийн бүх байгууллага хаана, аль барилгын, хэдэн давхарт байгааг харах боломжтой байдлаар оруулахаар төлөвлөж байгаа болно.

Эх сурвалж: https://www.ulaanbaatar.mn/news/17173